Эхлээд хүн амын 20 хувийг, дараагийн ээлжинд 60 хувийг вакцинжуулах төлөвлөгөөг ЭМЯ гаргажээ.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Эхний ээлжийн 20 хувийг хамруулахад ДЭМБ-ын яаралтай зөвшөөрөл өгсөн вакциныг өөрийн эмийн бүртгэлд бүртгэн хэрэгжүүлнэ. Хамгийн эхний ээлжинд коронавирусний голомтод ажиллаж байгаа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилчдыг хамруулна. Ингэхдээ нэрс, гэрийн хаяг, ажил мэргэжил, регистрийн дугаар гэх мэт нарийн бүртгэлийг хийж байна” гэв.
Цаашид, яаралтай тусламж, сэхээн амьдруулах, уушги зэрэг тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч нарыг, түүний дараа бусад чиглэлийн эмч, мэргэжилтнүүдийг вакцинд хамруулаж аж. Үүний дараа архаг хууч өвчтэй, 70-аас дээш насны хүмүүсийг хамруулахаар төлөвлөжээ. Мөн энэ хугацаанд цэрэг цагдаа, онцгой байдлын алба гээд голомтод ажиллаж байгаа хүчний байгууллагынхныг хамруулах юм байна.
Вакцинд нийт 52 мянган эмч, эмнэлгийн ажилтан хамрагдах юм байна.