Эх орон сүйрлээ, яах вэ энэ хэдэн луйварчныг хэмээн гаслах нэгэн эрд би үнэн сэтгэлээсээ итгэдэг байв. Тэрээр \”Даяар Монгол\”, \”Газар шороо\” өөр юу юу ч билээ хөдөлгөөнийхөнтэй уулзлаа, Женкотой холбогдлоо, энэ улс орон үнэхээр болохоо байжээ, яах вэ Галаа минь хэмээн шогширдог байв. Яаж ч чадахгүйдээ би өмнө нь буруутан мэт өөрийгөө төсөөлж, ийм хөвгүүд байгаа цагт эх орон минь алзахгүй, болохдоо л болно, босохдоо л босно гэж омогшдог
байв. Алдаж эндэж, ухаарч сэхээрсэн жинхэнэ эр хүн дээ хэмээн бахархан бичиж, УИХ-д нэр дэвшихэд нь хэрээрээ л дэмжиж байв. Телевизийнхэнд хэлэн нэвтрүүлэгт оруулж, өөрөө хүртэл ярилцлага хийж, нийтлэл бичиж байв. Тэр бол Говь-Алтай аймгийн \”Айргийн хад\” ХХК-ийн захирал Г.Нэргүй.
Гэтэл тэрээр сүүлийн үед төрөл арилжжээ. Говь-Алтайн үзэсгэлэнт сайхан ХанТайширын нуруу, Далангийн нурууны ар өврийг техникээр хүч түрэн ухаж хууль бусаар алт олборлох болсон байна. Хэдхэн хоногийн өмнө Бугат сумын ер бусын үзэсгэлэнтэй нутаг болох Хөвчийн нуруунд Howo хэмээх ачааны том тэрэг 3, \”унагалдай\” гэж хүмүүс нэрлэдэг эксковатор, цахилгаан мотор зэргээр \”зэвсэглэн\” очиж онгон зэлүүд нутгийг ухаж сэндийчжээ. Үүнийг нь эсэргүүцсэн нутгийн иргэд удирдлагуудыг доромжилж, улмаар \”Дараа би лиценз авчирч байгаад ухна аа\” гэж хэлээд явжээ.
Эх орон гэж цээж дэлдсэн бүхэн эх оронч байдаггүйг Г.Нэргүй тод харууллаа. Өнөөгийн \”тэмцэгчдийн\” бодит хэв шинж нь энэ юм уу даа, хөөрхий.
Сонирхолтой нь хууль бусаар газар шороо ухаж байгаль сүйтгэж явааг нь харсаар мэдсээр байж арга хэмжээ авахгүй байгаа Говь-Алтай аймгийн удирдлагууд, гэмт хэрэг л гараагүй бол очихгүй гэж байгаа цагдаагийнхан юу бодож байгаа бол? Түрдээ харзная, хүлээзнэе. Энэ улсад чинь төр гэж байгаа бол арга хэмжээ авах л ёстой доо.
Эх сурвалж: Б.Галаарид