Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг хуулийн хугацаа буюу тав хоногт багтаан УИХ-д оруулна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Өнгөрсөн баасан гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн тухай албан бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн.
Хуульд зааснаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах бөгөөд хуулийн хугацаандаа багтаж саналыг оруулах юм байна. Өөрөөр хэлбэл хуулийн хугацаа энэ лхагва гарагт дуусах юм байна.
Эрүүл мэндийн салбарт гарсан хариуцлагагүй явдлын улмаас У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн пүрэв гарагт буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр огцорсон. Цар тахлын үед шинэ Засгийн газрыг бүрдүүлэх асуудлыг шуурхайлах ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар сануулж байв.