Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын дарга Александр Михайлович Голковыг хүлээн авч уулзлаа. Энэ нь хотуудын дарга нарын 2 дахь удаагийн албан уулзалт бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард болсон Улаан-Үд хотын түүхт 350 жилийн ойн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд хүндэт зочноор уригдан оролцож байсан юм. Энэ үеэр хотууд эдийн засгийн харилцаагаа улам өргөжүүлэхийн тулд \”Бизнес эрхлэгчдийн дугуй ширээ\”-ний уулзалт хийхээр тохиролцсон. Энэ уулзалтыг зохион байгуулах талаар санал солилцохоор ирснээ Улаан-Үд хотын дарга Александр Михайлович Голков хэллээ.
Тэрээр Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа \”Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хуралд оролцож байгаа бөгөөд \”Торгоны зам” төсөл нь хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэхэд маш чухал болохыг онцолж байлаа. Хоёр хотын иргэд харилцан визгүй зорчдог болсноор талуудын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч аялал жуулчлал, худалдааны салбарт дэвшил гарч гарч байгааг хэлээд, цаашид бизнес эрхлэгчдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллахын тулд хоёр хотын хэмжээнд нэгдсэн \”Дуудлага мэдээллийн төв” нээн ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд, түүний санал санаачилгыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлээд, бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахад бэлэн байгаагаа хэллээ. Мөн хотуудын хоорондох зорчигч, жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед иргэдийнхээ аюулгүй байдлын хангах ялангуяа зорчигч тээврийн аюулгүй байдлыг хангахад хотууд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг онцлов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.