Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат пасспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичгийг солилцов.
Уг ноот бичгийн дагуу хоёр улсын дипломат пасспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор боллоо.
Япон Улсын зүгээс манай улсын иргэдэд олгох визний нөхцлийг шат дараатай хөнгөвчилж байгаа бөгөөд хувийн хэргээр тус улс руу зорчих энгийн пасспорт бүхий Монгол Улсын иргэдэд гурван жилийн хугацаатай, нэг удаа 15 хүртэлх хоног зорчих \”богино хугацааны олон удаагийн виз” олгож байгаа аж.