“Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна.
Монгол Улсын Эрүүгийн тухай хуульд “Хорихоос өөр төрлийн ял” дотор нийтэд тустай ажил хийх, торгох, эрх хасах гэсэн гурван төрлийн ял байв. Тэгвэл эдгээр дээр “Зорчих эрхийг хязгаарлах ял” нэмэгдээд байгаа юм.
Өнгөрсөн оноос Хууль зүй дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг хэрэгжүүлэхтэй холбоотой заавар зөвлөмж, журмыг бэлтгэн боловсруулж, баталжээ.
Мөн хүний нөөцийг бүрдүүлж, чадавхжуулах ажлыг зохион байгуулж, ялтанд зүүлгэх гав гинж бугуйвч, шаардлагатай хяналтын программ хангамжийг шийдсэн бөгөөд түүнийг хянах “Цахим хяналтын удирдлагын төв”-ийг байгуулаад байгаа юм. Ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Хорихоос өөр төрлийн гэмт хэрэг хариуцах алба” хэрэгжүүлж байна.
Шүүхээс хэрэгтний явах маршрутыг тогтоож өгөх бөгөөд ял эдэлж буй хүн тогтоосон чиглэлээс гарч, хориглосон бүс рүү явж байгаа бол ялтныг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ажилтанд дохиолол очих юм. Улмаар шийдвэр гүйцэтгэгч нөхцөл байдлыг хуулийн хүрээнд хянаж, нягтлаад, дараагийн шатны арга хэмжээг авах хуулийн зохицуулалттай аж.
Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн тухай хуулийн 18 дугаар бүлгийн 169.1 дүгээр зүйлд зааснаар “Ялтан гар, хөл болон биеийн бусад хэсэгт зүүж ашиглах хяналтын тоног төхөөрөмжийн зардлыг хариуцан төлөх үүрэгтэй. Үүний ашиглалтын зардал нь сард 300-400 мянган төгрөг байх ба энэ нь мэдээлэл дамжуулж байгаа “дата”-ны зардал юм байна.
ХЗДХ-ийн сайдын өнгөрсөн оны 9 дүгээр сарын 16-нд хэвлэлд өгсөн мэдээгээр бол олон жилийн дунджаар тооцоолоход, 2021 оны эхний хагас жилд 1081 хүнийг энэ шийтгэлийг оногдуулах тооцоо гарсан байна. Ингэснээр хорих зардал багасах бөгөөд ойролцоогоор жилд гурван тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Дэлхийн 30 гаруй оронд энэхүү ялыг ногдуулдаг бөгөөд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд ажил хийх, сурч боловсрох эрхийг нээлттэй байлгахаас гадна хорих ял эдлэхгүй байх нь засан хүмүүжүүлэх ач холбогдолтой гэж үздэг байна.
Одоогоор манай улсад энэ ялаар шийтгэгдсэн хүн байхгүй байгаа аж.