Япон Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл хийв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
\”Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал манай улсын ойрын түнш Япон Улсаас эхэлж, Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ харилцан ойлголцсон, итгэлцсэн, найрсаг уур амьсгалд боллоо. Нэгдмэл үнэт зүйлтэй, нэг бүс нутаг бүхий бидний дотны түнш Япон Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч байгаа.
Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж итгэлцлийг бэхжүүлэн, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр тогтлоо. Манай хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалын давтамж ойртож, харилцан итгэлцэл бэхэжсээр байна. Энэ харилцаан дээрээ суурилж, харилцааг дараагийн үе рүү оруулж, хоёр орны ард түмнүүдийн хэлхээ холбоог зузаатган, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тэлэх зорилго бидний өмнө тавигдаж байна. Миний айлчлалын зорилго ч үүнд чиглэсэн.
Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улсын гадаад бодлого дахь Монгол Улсын ач холбогдлыг үнэлж, манай улсын дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд сэтгэл харамгүй дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэнд талархаж байна. Бид Монгол, Японы стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх зорилготой дунд хугацааны шинэ хөтөлбөр байгуулахаар тохирч, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх гол ажлаа хөтөлбөрт тусгахаар ярилцлаа. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад нэн чухал дэмжлэг үзүүлж ирсэн Япон Улстай монголчууд бид цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа зузаатгаж, хоёр талын хүрээнд болон олон улс, бүс нутгийн хэмжээнд харилцан дэмжиж, хамтран ажиллах болно” гэлээ.
Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ:
\”Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны айлчлалаа Япон Улсаас эхэлж байгаа нь манай хоёр улс халуун дотно, нягт сайн харилцаатайн илэрхийлэл гэж үзэж байна. Бид өнгөрсөн долоодугаар сард Улаанбаатарт болсон АСЕМ-ийн уулзалтаас хойш гурван сарын дараа дахин уулзаж байгаадаа баяртай байна.
Монгол Улс ардчилал, эрх чөлөө, хүний эрх чөлөөг үнэт зүйлээ болгон дээдэлдэг учраас Япон Улс стратегийн түншээ гэж чухалчлан үздэг. Миний бие Монгол Улсад гурван удаа айлчилсны үндсэн санаа ч энэ юм. Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай маш үр дүнтэй, ач холбогдол өндөртэй яриа хэлэлцээ өрнүүлж чадлаа. Өнгөрсөн оны долоодугаар сард уулзахдаа хоёр орны харилцааны шинэ хөтөлбөрийг боловсруулах талаар санал нэгдсэн юм. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааны чиглэлийг заасан \”Road map” буюу \”Замын зураглал”-ын үүрэг гүйцэтгэх юм. Өнөөдрийн уулзалтаар энэ хөтөлбөрийг боловсруулах ажлаа түргэтгэх талаар санал нэгдлээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын харилцаа улам өргөн хүрээнд хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Ерөнхий сайд мөн өдөр Япон Улсын Сангийн сайд Асоо Тароотой уулзлаа.