Дархан хотын 55 жилийн ойн баярт зориулан \”Дархан хотын ойн баярыг зохион байгуулах комисс”-оос аймгийн хэмжээнд дөрвөн бүлэг 55 ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимтай хамтран зарласан \”Гоёмсог Дархан” шилдэг бүтээлийн уралдаан, аймгийн Захирагчийн албанаас зарласан \”Тохилог хот” аян, \”Хоггүй хот-Хоггүй гудамж” уралдаан болон \”Дарханы брэнд хоол” хийх тэмцээн зэрэг хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлж, нэр хүндийг өргөх зорилготой олон арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулсан билээ.
Эдгээр уралдаанд идэвх санаачилгатай оролцож хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан урлаачид, шилдэг тогооч нар, шилдэг бүтээлийн эздийг өнөөдөр /2016.10.16/ шагнаж урамшууллаа.
Гоёмсог Дархан уралдаанд нийт 6 ААНБ, 20 гаруй иргэн бүтээлээ ирүүлсэн байна. Нийт ирүүлсэн бүтээлд тодорхой өгүүлэмж, найруулга бүхий, цуврал утга агуулгыг илэрхийлсэн, сүүдрэвч болон бусад зүйлстэй хамт шийдсэн, хөшөө дурсгал, түүхтэй уялдуулсан, Дарханы болон бусад брэнд байгууллага, бүтээгдэхүүнийг илэрхийлсэн, өвөрмөц санааг тусгасан, орчин тойрондоо өнгө үзэмж, соёлтой хэрэглээ, тав тухыг нэмэх зэрэг шалгуурыг тавьсан бөгөөд шилдэг бүтээлээр Дарханы зураач урчуудын Тэнгэр өөд холбооны урлаачдын \”Хайрын хот” хос бүтээл тэргүүлж өргөмжлөл, хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн бол дэд байранд \”Сан Оргиу” ХХК-ийн \”Цэмцгэрхэн Дархан” иж бүрдэл бүтээл шалгарч нэг сая 500 мянган төгрөг, гутгаар байранд \”Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн \”Уран Дархан” бүтээл шалгарч нэг сая төгрөг, тусгай байранд иргэн Х.Оюунчимэгийн \”Дархан брэнд” нэртэй зургаан талтай эвхэж хурааж, зөөвөрлөн байрлуулахаар хийгдсэн тохилог сүүдрэвч сандлын хослол шалгарч өргөмжлөл, 500 мянган төгрөгийн мөнгөн шагналын хүртлээ.
\”Тохилог Дархан” сарын аян, \”Хоггүй хот-Хоггүй гудамж” уралдааны шилдгүүдээр \”Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн хамт олон Хараа голын дагуу цэвэрлэгээ хийж тэргүүн байранд орж 800 мянган төгрөгөөр шагнуулсан бол удаах байрыг \”Шинэ Амьдрал” ТББ-ийн хамт олон эзэлж 500 мянган төгрөг, гуравдугаар байрыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан дахь салбарын хамт олон эзэлж 200 мянган төгрөгийг мөнгөн шагналаар тус тус шагнуулсан юм.
Мөн аймгийн Шилдэг тогооч шалгаруулах тэмцээний \”Дарханы брэнд хоол”-ны шилдгээр Компорт рестораны ахлах тогооч Н.Мөнжаргалын \”Алжаал тайлах шөл” шалгарсан бол Дэд байранд \”Ногоон алим” ХХК-ийн ерөнхий тогооч С.Ягаанцэцэгийн бууцай, хүрэн манжингийн \”Эко бууз”, гуравдугаар байранд \”Эрдэнэс плаза” рестораний тогооч Ма Чи Вангийн \”Мантуутай гахайн шарсан мах”, \”Шарсан зайрмаг” харин тусгай байранд Мастеруудын клубын ахмад тогооч нарын тогооч нарын \”Зум хоол”, \”Цэцгэн боов” нэрийн бүтээгдэхүүнүүд тус тус шалгарч өргөмжлөлөө гардан авсан юм.
Дээрх уралдаан, тэмцээнүүдэд идэвх санаачилгатай оролцож хотынхоо хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөрлөж буй эрхэм иргэдээ энэ өдөр мөн \”Найрамдлын дархан”тэмдэг, Аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Аймгийн Засаг даргын жуух бичгээр шагналаа.
М.ГҮНЖИЛХАМ