-ОДООГООР ГУРВАН ХҮҮХЭД ХОРДСОН НЬ ТОГТООГДЖЭЭ-
-ХУУЛЬ ЗӨРЧИН ХОРИОТОЙ БҮСЭД ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖЭЭ-
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хонхорт Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар 2012 онд 7800 метр.кв газрыг туслах аж ахуйн зориулалтаар иргэн И.Батчимэгт олгосон байдаг. Туслах аж ахуйн зориулалтаар олгосон газрыг хүлэмж байгуулах, ногоо тарих болон тарьсан ногоогоо хадгалах зэргээр ашигладаг. Тэнд дахин боловсруулах үйлдвэр барих боломжгүй талаар эх сурвалж мэдээлсэн. Гэтэл \”Заламт гол” компани хаягдал аккумлятор дахин боловсруулах үйлдвэр байгуулаад гурван жил үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хог хаягдлын тухай хуульд \”Хүн амын төвлөрсөн суурьшлын бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон болон бусад хууль тогтоомжоор хориглосон газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл хаягдал аккумлятор дахин боловсруулах үйлдвэр нь Туул голыг тэтгэдэг Богд уулын ай сав газрын зүүн хойд хормой, Хөлийн голын голдирол усан хангамжийн тэжээлийн мужид байгаа нь наад захын хууль зөрчсөн үйлдэл. Хонхорын холбоо гурван нуур яг энэ үйлдвэрийн хажууд байдаг. Үүгээрээ \”Заламт гол” компани Усны тухай хуулийг мөн зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж.