Портон-Даун дахь Их Британийн цэргийн лабораторийн эрдэмтэд янз бүрийн гадаргуу дээрх коронавирусний тархалтыг судлах хиймэл хуруу бүтээжээ.
Силиконоор хийсэн бүтээлийнхээ тусламжтайгаар эрдэмтдэд коронавирус гадаргуу дээр хэр удаан байдгийг судлах аж. Лабораторийн техникийн тэргүүлэх мэргэжилтэн, профессор Тим Аткинсын хэлснээр, вирус агаар дуслын замаас гадна янз бүрийн гадаргуугаар дамжин халдварладаг тул энэхүү судалгаа чухал ач холбогдолтой юм.
“Хэрэв би “COVID”-ийн халдвартай бол энэ хананд хүрч, дараа нь та хананд хүрснийхээ дараа нүүрэндээ хүрвэл бас халдвар авч болно. Тиймээс бид хиймэл хуруу бүтээсэн бөгөөд ойрын долоо хоногт өөр хэд хэдэн байгууллагатай дахин хамтарсан судалгаа эхлүүлнэ” гэж тэрбээр хэлэв.
Лабораторийн вирус судлаач Аманда Фелпсийн хэлж буйгаар, хиймэл эрхтэн нь хүний жинхэнэ хуруутай яг адилхан бөгөөд арьсны өөхөн давхаргыг нь ч дууриалган хийжээ.
Үүнээс гадна, эрдэмтэд ковид, тарваган тахал, боом зэрэг өвчний эмгэг төрүүлэгчээр халдварласан тохиолдолд цэргийн албан хаагчдад мэдээлэх боломжтой ухаалаг цагны хэрэглээг өргөжүүлэх тал дээр ажиллаж байгаа аж.