Хоёрдугаар сарын 11-нээс эхэлсэн “Нэг өрх- нэг шинжилгээ”-нд өнөөдөр 15:00 цагийн байдлаар 500 гаруй мянган хүн хамрагдаад байгааг УОК-оос мэдээллээ.
Өөрөөр хэлбэл, шинжилгээг зохион байгуулахдаа нийслэлийн 411 мянган өрхийн 18 наснаас дээш нэг гишүүнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн бөгөөд энэ төлөвлөлтөөс 100 мянган хүнд нэмж шинжилгээ хийгээд байгаа юм байна.
Энэ талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Статистик тоогоор нийслэлд 411,400 айл өрх оршин сууж байна. Гэтэл орон нутгаас ирээд хаягийн шилжилт хийлгээгүй, албан ёсны бүртгэлгүй, нэг өрхөөс олон хүн шинжилгээ өгсөн гэдэг шалтгаанаар 500 гаруй мянган хүнээс шинжилгээ авсан. Маргааш тоон мэдээлэл гарна. Төлөвлөсөн ажил 100 гаруй мянган хүнээр даваад байна. Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлын буюу төсөв санхүүг тооцоолж, бэлэн байдлын төсөвтэй холбоотой нөөц, эх үүсвэрээс мөнгө гаргаагүй, бүх нөөцөө шавхаагүй байна” гэлээ.