Монгол Улсад “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аян өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Асртазенека” вакцины эхний тунг хийлгэсний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд “COVID-19”-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ, “Дэлхий дахиныг хамарсан коронавирст цар тахал улс орнуудын эрүүл мэндийн төдийгүй бусад олон салбарын тогтолцооны бэлэн байдал, хариу арга хэмжээний авах чадавх, хамтын ажиллагаа эв нэгдлийг шаардсан энэ цаг үеийн томоохон сорилт болж байна.
Монгол Улсад бүтэн 10 сарын турш “COVID-19” цар тахлын зөвхөн гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж эмчлэгдэж байсан бол өнгөрсөн оны 11 дүгээр сараас дотоодын халдвар бүртгэгдэж эхэлсэн. Эрүүл мэндийн салбар халдварыг хүн амын өргөн хүрээнд тархаахгүйн тулд бусад олон салбартай мөр зэрэгцэн ажиллаж байна.
Хүн бүр амны хаалтыг тогтмол зүүж, гарын ариун цэврийг сахиж, хүн бөөгнөрсөн олноор цугларсан газраар аль болох явахгүй байх нь халдварыг хумих, гинжин хэлхээг таслах хамгийн хямд төсөр арга байдаг. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөний шинжлэх ухаан, технологийн үр дүнд халдвараас сэргийлэх үр дүнтэй вакциныг богино хугацаанд хөгжүүлж дэлхий нийтийн хүртээл болгож эхлээд байна.
Халдвартай тэмцэх бидний зорилго, үйл ажиллагааг дэмжин БНЭУ-ын Засгийн газраас 150 мянган тун вакциныг манай улс өчигдөр хүлээн аваад байна. Энэхүүү буцалтгүй тусламжаар өгсөн 150 мянган тун вакциныг манай улсад тусламж болгон нийлүүлж байгаад Эрүүл мэндийн сайдын хувьд БНЭУ-ын Засгийн газарт Монгол Улсад суугаа гэв.Элчин сайдаар дамжуулан гүн талархал дамжуулж байгаагаа илэрхийлж байна. Монгол Улсын Засгийн газраас насанд хүрсэн нийт хүн амаа дархлаажуулах төлөвлөгөө гарган бэлтгэл ажлаа бүрэн хангасан” гэв.
Вакцинжуулалтын төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд халдвартай тэмцэж байгаа эрүүл мэндийн байгууллагын төрийн болон хувийн хэвшлийн ажилтнууд, дараагийн ээлжинд хариу арга хэмжээний онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын алба хаагчдад хийх юм. Дараагийн ээлжинд хүлээн авах вакцинаар зорилтот бүлгийг ээлж дараатай хамрууулан энэ ондоо багтаан дархлаажуулалтаа хийж дуусгахаар төлөвлөжээ.