Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын баасан гарагт нээх жил тутмын чуулганаар болох нэгэн чухал зүйл нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөг батлах явдал юм.
Чуулган долоо хоног үргэлжилж, 3 дугаар сарын 11-нд өндөрлөнө.
Уламжлал ёсоор чуулганы үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян засгийн газрын ажил, төвийн болон орон нутгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар, Ардын дээд шүүхийн ажлын тайлангуудын талаар илтгэл тавьж, хэлэлцэх юм.
Түүнчлэн хууль тогтоогчид өнгөрсөн хугацаанд биелүүлсэн нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай илтгэлийг хэлэлцэж, 2021 оны төсвийг батална. Чуулганы үеэр парламентын үйл ажиллагааны зохион байгуулалт, зохицуулалтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийг мөн хэлэлцэнэ.
Шинэ таван жилийн төлөвлөгөө
Чуулганы үеэр хэлэлцэх гол асуудал нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө болон 2035 он хүртэлх урт хугацааны төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцэх юм. Үйлдвэрлэлийн баазыг шинэчлэн сайжруулах, зах зээлийн харилцааны субъектуудын бие даасан байдлыг бэхжүүлэх замаар Хятадын хөгжлийн дотоод хүчин зүйлүүдийн оролцоо, зохицуулалтыг нэмэгдүүлэх, үндэсний батлан хамгаалах, зэвсэгт хүчний шинэчлэлтийг эрчимжүүлэх нь таван жилийн төлөвлөгөөний эн тэргүүний зорилтуудад багтана. Түүнчлэн том хотуудын бөөгнөрөл үүсгэх нь бүс нутгийн өсөлтийн зүтгүүр болно. Эрх баригчид хотжилтыг эрчимжүүлэх, дотоод шилжилт хөдөлгөөний зохицуулалтыг хөнгөвчлөх, ажил хөдөлмөр эрхлэхээр хот руу олширч буй хөдөө, орон нутгийн оршин суугчдын нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэхэд анхаарна.
Барууны технологиос хараат бус байдлыг хангах өндөр технологийн аж үйлдвэрийг дэмжих нь шинэ таван жилийн төлөвлөгөөний гол зорилтуудад багтжээ. АНУ-тай харилцаа хурцдаад буй үед энэ нь маш чухал зорилт юм.