АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийн намын нэр барьж зохион байгуулсан аливаа ажилд оролцохгүй байхыг тус намын удирдлагууд өнөөдөр уриаллаа.
УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд АН ялагдал хүлээсэн бөгөөд Үндсэн дүрмийн дагуу намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ тамгаа Ц.Туваанд шилжүүлсэн юм. Түүнээс хойш АН-ын ажил хэвийн явж байгааг УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан мэдээллийн үеэр тодотголоо. Тэрбээр, “Намын эрх барих дээд байгууллага буюу 10 дугаар их хурлаас гарсан шийдвэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн ч манай намыг удирдаж байсан хүмүүс санаатай бидний ажилд саад хийх болсон. Тэд өрсөлдөгч намын ажлыг дэмжиж байна гэж хардахаас аргагүй байдалд хүрлээ” хэмээгээд, өнгөрсөн хугацаанд АН-ын ХЭГ, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо, Улс төрийн зөвлөл, Нийслэлийн Ардчилсан нам зэрэг бүтцүүд хэвийн ажиллаж ирснийг тэмдэглэв.
“Дээрх үүсээд байгаа нөхцөл байдал нь АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх зорилготой явуулгад манай намын өмнөх удирдлагууд хамтарч байна гэсэн хардлага төрүүлж байна” хэмээн УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан онцоллоо.
Тус намын Дотоод сонгуулийн хорооноос даргын сонгуулийг энэ сарын 28-нд зохион байгуулахыг зөвшөөрсөн тул шинэ даргыг эл өдөр сонгоно. Үндсэн дүрмийнхээ дагуу намын их хурал зарлаж албан ёсны тамгыг шинэ даргад гардуулна хэмээн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан тайлбарлав.
АН-ын Үндсэн дүрмийн хорооноос нэгдүгээр сарын 8-нд С.Эрдэнийг намын дүрэм зөрчсөн үндэслэлээр гишүүн байх эрхийг нь найман жилээр хассан юм.
Эргэн сануулбал, С.Эрдэнийг намын үндсэн дүрмийн 3.10.1.1 дэх заалтын дагуу огцорсон хирнээ 2021 оны нэгдүгээр сарын 8 болон 31-нд Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлыг зарласан нь Үндсэн дүрэм зөрчсөн гэж үзжээ. Түүнчлэн аймаг, нийслэл сум дүүргийн Ардчилсан намын тамга, тэмдгийг хүчингүйд тооцсон тушаал гаргасан нь үндэслэлгүй хэмээн Үндсэн дүрмийн хороо тогтоож түүнийг намын эв нэгдлийг хангаагүй үндэслэлээр гишүүн байх эрхийг нь найман жилээр хасах шийдвэр гаргасан юм.