Кабелийн сувгуудын дараалалд гуравдугаар сарын 1-нд өөрчлөлт ороод буй. Уг өөрчлөлтийн талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодрууллаа.
ХХЗХ-ны өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас өгсөн тайлбараар Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2019 онд батлагдсан бөгөөд өнгөрсөн оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн.
Уг хуулийн 26.7-д Үндэсний олон нийтийн телевиз болон өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгууд нь олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын эхэнд байна гэж заасан.
Хуулийн дагуу эдгээр суваг олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын хойно байсныг урагшлуулсан тул сувгуудын байрлалд өөрчлөлт орсон гэдгийг хэллээ.
Өөрөөр хэлбэл, өргөн нэвтрүүлгийн сувгууд дарааллаараа урд орж, кабелийн сувгууд хойшилсон байна.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд эдгээр сувгийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
- 4.1.6-д “Олон нийтийн радио, телевиз” гэж Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасан зөвхөн олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, ашгийн төлөө бус радио, телевизийн үйлчилгээг,
- 4.1.21-д “Өргөн нэвтрүүлгийн радио, телевиз” гэж олон талт хөтөлбөртэй, энэ хуулийн 6.1.1 (радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ), 6.1.2 (Олон суваг дамжуулах үйлчилгээ)-т заасан үйлчилгээний сүлжээгээр заавал дамжих арилжааны радио, телевизийн үйлчилгээг хэлнэ гэж заажээ.