Монгол Улсын Ерөнхийлөгчийн \”Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2015 оны 10 дугаар сарын 07-нд буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр үйлдэхээр төлөвлөсөн. Тахилгын ёслолыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга хариуцах бөгөөд \”Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын дагуу зохион байгуулах юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар \”Төрийн тахилгын ёслол үйлдэх тухай” асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ирэх сарын 7-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.