Өнгөрсөн жилийн энэ өдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 10-нд манай улсад ирсэн Франц иргэнээс коронавирусийн халдвар илэрч байв.
Тодруулбал, гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 57 настай эрэгтэйгээс коронавирусийн халдвар илэрснийг тухайн үед мэдээлж байсан.
Тэрбээр 47 хоног эмчлүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 17-ны өдөр эдгэрч, эмнэлгээс гарсан юм.
Харин коронавируст халдварын дотоодын анхны халдвар манай улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд бүртгэгдсэн. Тодруулбал, 21 хоног тусгаарлагдсан тээврийн жолооч болон эхнэрээс нь коронавирусийн халдвар илэрсэн тухай Улсын онцгой комиссоос мэдээлж байв.
Манай улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажлыг орон даяар хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлээд байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш гуравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд нийт 20,976 иргэнийг дархлаажуулжээ.
AstraZeneca вакцинд манай улс иргэдээ хамруулж эхлээд байгаа бөгөөд үргэлжлүүлэн БНХАУ-ын Синофарм компанийн вакциныг хийнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байгаа. ДЭМБ-аас энэ сард тус вакцинд зөвшөөрөл олгохоор хянагдаж байгаа билээ
Нийт 85 цэгт өдөрт 16,000-20,000 иргэнийг вакцинжуулах ажил хийгдэх юм. Ингээд хоёр сарын хугацаанд буюу гурав болон дөрөвдүгээр сард нийслэлийн насанд хүрсэн иргэдийг бүгдийг нь дархлаажуулж дуусгана гэдгийг УОК-оос мэдээлж буй.