Та бидний ирээдүй болсон бяцхан үрс Зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтэн, амь насаа алдаж байна гэж төсөөлөхөд ч хэцүү байгаа биз. Гэхдээ ийм зүйл амьдрал дээр тохиолдсоор байна.
Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 959 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Үүнээс Нийслэлийн хэмжээнд 3 хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн. Нийслэлд зам тээврийн ослын улмаас гэмтэж, бэртсэн хүүхдүүдийг насны байдлаар нь үзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 85,7%-ийг эзлэж байна.
Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, Орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил / бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг гэх мэт/-ууд дийлэнх хувийг эзэлж байна.
ХҮҮХДҮҮДЭД СУРГААЛИАС ГАДНА ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙДАЛ ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ. Иймд эцэг эх, жолооч та бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тэдэнд тавих хараа хяналтаа сайжрууулж, замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг, дадлыг тогтмол хэвшүүлж байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
ТАНЫ ХҮҮХЭД
ТАНЫ ТУСГАЛ