Хошууч Ц.Идэрбат: 04,44’ үүр цайж байв. Бааз руу миномётын халдлага болов. Нэг сум нь миний харуулын цэгийн чанх дээгүүр их ойрхон давж, тэмдэгт-2, 240 градус, 200 метрт унаж дэлбэрэв. Сум исгэрэн ирэхтэй зэрэгцэн тэмдэгт-1, 200 градус 400 метрээс модон дундаас автоматаар урт ээлжээр буудлаа. Харуулын цэгээс 40-50 метрт сум нь тусч, шороо үсчинэ. Би хариу гал нээж чадалгүй, миномётын сум исгэрэн ирэх үед өөрийн эрхгүй доошоо тонгойн суулаа. Миний хувьд анх удаа өөдөөсөө буудуулж, анх удаа миномётын сум ойрхон дэлбэрэхийг үзэж байгаа нь энэ. Үнэнийг хэлэхэд их цочирдсон. Харуулаас буулаа, дарга нар ажиллагааны өрөөнд дуудаж, болсон үйл явдлын талаар макетан дээр ярьж тайлбарлав. Хариу гал нээсэнгүй гэж салааны дарга зэмлэв.
Гэтэл цэргийн багийн хэвлэлийн төлөөлөгчөөр үүрэг гүйцэтгэж байсан дэд хурандаа Д.Баасандамба: -Идэрбатаа чи үзэгдэх нөхцөл хязгаарлагдмал үед 400 метрийн зайд байгаа байг онож чадах уу гэж асуухад нь онохгүй байх гэж хариулав. Тэгвэл чамтай л адилхан хүн өөдөөс чинь буудаж байгаа, чи бол бэлтгэгдсэн, магадгүй тэр хүн чамаас чадвараараа дутуу байгаа гэж хэллээ. Энэ үг надад сэтгэл зүйн маш том бэлтгэл болов.” Энэ явдал надад их сургамж болсон юм.
Үүний дараа буюу 2006 оны 7 дугаар сарын 25-ны 21 цагийн үед баазын хойд талаас миномёт, зүүн талаас пуужингаар, яг пуужин миномёттой зэрэгцэн миний харуулын цэгээс 200 орчим метрт байдаг нурсан гүүр, нуранган дундаас автоматаар урт ээлжээр өөдөөс буудаж эхлэв. Харанхуйд сум нь харагдаж миний зүүн гар талаар өнгөрөөд байсан, тэгээд пулемётоор хариу гал явуулсан. Маргааш нь 11 цагийн үед багийн захирагч, хурандаа Т.Ганбат, ажиллагааны офицер, ахмад Мөнх-Ирээдүй нар дуудаж урд оройны болсон үйл явдлын тухай асуусныхаа дараа, монголын харуулын цэгийн галд сөрөг хүчний этгээд устгагдсан, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхгүй байх үүргийг удирдлагаас өгсөн. Яагаад гэвэл монгол цэргийн аюулгүй байдал, сэтгэл санаанд нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа юм байна гэж хэлсэн.
Эх сурвалж: Mongolian Army News