Монгол улс нарны анхны цахилгаан станцаа Дархан-Уул аймагт барих гэрээг өнгөрсөн долдугаар сард байгуулсан. Тус гэрээний хүрээнд Дарханд төвтэй дотоодын \”Solar power international”, Японы \”Sharp” корпорац, \”Shigemitsu shoji” компани хамтран 10 мвт-ын хүчин чадалтай станц барьж байгаа юм.
Энэхүү станц жилд 14.1 сая квт цаг эрчим хүч үйлдвэрлэн, Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх зорилготой аж. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлнэ. Мөн энэ онд багтаан ашиглалтанд орсноор Дархан-Уул аймгийн 20,000 мянган өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.
Цахилгаан станц барих ажилд арлын орны \”Sharp” корпорацийн өндөр үзүүлэлттэй нарны зай, хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан, ноу-хау, туршлагыг нэвтрүүлэх юм. Мөн өндөр хүчдэлийн цахилгаан тоноглолын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг ХБНГУ-ын СМА, Шведийн ABB компаниас авч байна. Түүнчлэн хасах 30-40 хэмд найдвартай, үр ашигтай ажиллана гэж тооцоолжээ.