Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний өгсөн үүрэг, даалгаврын дагуу Зөвлөлийн ажлын албанаас Оюу толгойн ордыг ашиглахаар гадаадын хөрөнгө оруулагчтай 2009 онд байгуулсан “Хувь нийлүүлэгчийн гэрээ”, 2011 онд байгуулсан “Нэмэлт, өөрчлөлт дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ”-г судалж, дүн шинжилгээ хийж, санал дүгнэлт гаргав. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас Оюу толгой төслийн дараах саналыг холбогдох албаныханд хүргүүлсэн байна.
-Оюу толгойн ордыг ашиглах Хувь нийлүүлэгчийн гэрээнд гарын үсэг зурах зөвшөөрлийг УИХ-аар өгөөгүй, энэ гэрээр УИХ-д танилцуулаагүй.
-Оюу толгойн ордыг ашиглахаар гадаадын хамтрагч талтай байгуулсан үндсэн тохиролцоо болох Хувь нийлүүлэгчийн гэрээр Монгол Улсад ашигтай болгож өөрчилж, тэрхүү өөрчлөлтийг үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээр өөрчлөх нь Оюу толгой төслийг Монгол Улсад ашигтай байлгах гол гарц болно.
Энэхүү Хувь нийлүүлэгчийн гэрээг байгуулсан оролцогч талууд нь Компаниуд учир /Монголын талаас Эрдэнэс МГЛ/ гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцээр хийхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй. Иймд,
Нэгдүгээрт, санал дүгнэлтэд тусгасан заалтуудыг Монгол Улсад ашигтай байхаар Талуудын хооронд байгуулсан Хувь нийлүүлэгчийн гэрээнд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах.
Хоёрдугаарт, хувь нийлүүлэгчийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үндэслэн үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх
Гуравдугаарт, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ гэх/ бүхэлд хүчингүй болгож, холбогдох зохицуулалтыг харилцсан тохиролцсон хэлбэрээр Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах
Дөрөвдүгээрт, Оюу толгойн компанийн дүрмийг дээрх гэрээнүүдийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэн батлах саналтай байна гэжээ.