Улсын онцгой комисс /УОК/-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнг Шадар сайд С.Амарсайханы эхнэртэй холбоотойгоор ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цацагдсан.
Энэ асуудлыг Ж.Чүлтэмсүрэнгээс тодруулахад “УОК-ын Шуурхай штабын даргаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригийг томилсон. Миний бие одоо Онцгой байдлын ерөнхий газартаа тэргүүн дэд даргын ажлаа хийж байна. Би нэг сарын хугацаанд Шуурхай штабын даргаар ажилласан.
Энэ ажил чинь томилогддог албан тушаал биш. Шуурхай штабын ажлын хэсгийн ахлагч шүү дээ. Шадар сайдын эхнэртэй холбоотой асуудлаар ажлаас чөлөөлөөгүй. Бид хоорондоо ажлын хэсгийн ахлагчаа сольсон юм. Ямар нэгэн асуудал байхгүй” гэв.
УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгалан “УОК-ын Шуурхай штабын дарга Ж.Чүлтэмсүрэн давхар ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар ажилладаг. Хаврын газар тариалан гээд ажлын ачаалал ихтэй байгаа учраас сэлгэж ажиллаж байгаа юм. Ж.Чүлтэмсүрэн хурандаагийн үндсэн ажил нь орхигдох гээд байгаа учраас УОК-ын Шуурхай штабын даргаар Ц.Ганзориг ажиллахаар болсон” гэлээ.
УОК-ын даргын 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгуулж, хурандаа Б.Ууганбаяр ажлаа хүлээлгэн өгч, Ж.Чүлтэмсүрэнг томилж байв.