Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохиролд 2013-2015 онд нийт 164 гүйцэтгэх баримт бичгийн 15,319,861,889 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчид төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд нийт 23 аж ахуйн нэгжид 25 гүйцэтгэх баримт бичгийн 11,843,753,084 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Нөхөн төлбөр төлөх болсон шалтгааныг судлаж үзвэл: Худалдан авагчаас шилжүүлсэн мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан Төрийн өмчийн хорооны ажилтнуудтай холбоотой, татварын өрөнд хуулийн этгээдээс хураасан орон сууцыг завшсан сумын Засаг даргатай холбоотой, шан харамж өгөөгүйгээс онцгой албан татвар төлүүлэх тухай хууль бус шийдвэр гаргасан гаалийн байцаагчтай холбоотой төрийн албан хаагчдад холбогдох нэхэмжлэлд хохирол нөхөн төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байна. Тиймээс цаашид төрийналбанхаагчийнбуруутайүйлажиллагааныулмаасүүссэнөртөлбөрийг төр хариуцаад өнгөрөх биш тухайн гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг байх хууль журам боловсруулахаар тогтлоо. Засгийн газрын хуралдаанаар Ажлын хэсгийн санал дүгнэлтэд тусгагдсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг \”Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгаж, хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон холбогдох сайд нарт даалгалаа. Мөн Засгийн газар, яам, агентлагийн түвшинд хэрэгжүүлэхээр санал болгосон арга хэмжээг яам, агентлагийн төлөвлөгөөнд тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавьж 2017 оны II дугаар улиралд Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх гарын дарга Ж.Мөнхбат, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд үүрэг болгов.