Улаанбаатар хотноо 2015 онд зохион байгуулсан Азийн бүс нутгийн ойн менежмент, нөхөн сэргээлтийн талаарх уулзалтын үеэр Монголын байгаль орчин аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Төрийн ойн агентлаг, Ази, номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллагууд хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8,4 га талбайд \”Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.
\”Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНХАУ-ын Төрийн ойн газрын орлогчч дарга Ли Шуминг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан \”Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан БНХАУ-ын Төрийн ойн агентлаг, Ази, номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллага, Монгол Улсын Байгаль орчны консерциум хамтран бичил цэцэрлэгийн төсөл хэрэгжүүлж, өнөөдөр нээлтээ хийж байна. НИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн үндсэн чиглэл бол байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал байгаа. Өнөөдрийн төслийн үр дүн бол нийслэлчүүдийнхээ төлөө хийж байгаа ногоон хөгжлийн томоохон ажил болж байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм” гэлээ.
Уг бичил цэцэрлэгийг \”Ази номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ” олон улсын төрийн бус байгууллага санхүүжүүлсэн бөгөөд нийт бүтээн байгуулалтад 1,3 сая ам.доллар зарцуулжээ. Барилга тохижилтын ажлыг \”Харцат-Уул”, ойжуулалтын ажлыг \”Амьд газар” компани хийж гүйцэтгэсэн байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.