УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар өнөөдөр (2021.04.29) МАХН-ын гишүүнчлэлээс татгалзсан билээ.
Тэгвэл яг одоо С.Ганбаатар гишүүн Ардчилсан намд элсэж байна. Тодруулбал, Ц.Тувааны талын АН буюу О.Цогтгэрэлийн удирдаж буй гэх АН-д тэрбээр элсэж, намын гишүүнчлэлийн үнэмлэх гардав.
Ингэснээр С.Ганбаатар дөрөв дэх намдаа элсэж байна.
О.Цогтгэрэл “Өнөөдөр Ардчилсан нам бүл нэмж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар улс төрийн сонголтоо хийн, Ардчилсан намд элсэж байна. Монголын ард түмэн болон би хувь хүнийхээ хувьд түүнийг хөдөлмөрчин ангийн талд байж ирсэн хүн гэж үздэг. Ардчилсан намын үзэл санаатай нийцсэн үзэл бодолтой гэж үздэг. Ардчилсан намын бүлгийг бүл нэмэх боломжтой болгож байгаад баярлалаа” гэв.
Хоёр ч парламент дараалж ялагдал хүлээсэн улс төрийн хоёр дахь хүчин болох АН дотроо хоёр хуваагдаж, хоёр толгойтой болоод удаж байна. Нэг толгой нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, нөгөө толгой нь УИХ-ын гишүүн Ц.Туваан. Намын даргын сунгаа нь хүртэл хоёр талд зэрэг шахам явагдаж С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл ялалт байгуулсан билээ.
МАХН-ын гишүүнчлэлээс татгалзсан С.Ганбаатар “Би 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элсэж байсан. Харин өнөөдөр Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өглөө. Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсье. “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг идэж байгаа намтай би нийлэх боломжгүй. Тийм учраас аргагүйн эрхэнд ийм сонголт хийж байна. Би 17 жил тэмцэж ирсэн. Цаашид би сайн ялагч байхыг хүсэж байна. МАН-аас бусад бүх сөрөг хүчнүүд нэгдэх хэрэгтэй. Үүний тулд би энэ сонголтыг хийлээ” гэж байр сууриа илэрхийллээ.