Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Филаделфиа оркестрийн Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Владимир Петровичийг хүлээн авч уулзлаа. 2016 оны гуравдугаар сард Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд н.Алтангэрэл Улаанбаатар хотыг төлөөлж, Филаделфийн оркестрийн захирал А.Вулгамортой \”Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсны дагуу дөрөвдүгээр сард тус оркестрийн менежер хатагтай Кэйтээр ахлуулсан ложистикийн баг Улсын филормони, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр, Хөгжим бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтарсан тоглолт хийхээр ярилцсан тухай танилцууллаа. Ноён Владимир Петрович \”Ирэх жилийн зургаадугаар сард бид Улаанбаатар хотод тоглоно. Магадгүй энэ баг нь Америкаас Монголд ирж байгаа хамгийн том баг байх гэж бодож байна. Энэ нь манай улс болон Улаанбаатар хотын олон жилийн хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт найдаж байна. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нийслэлийн Засаг даргын хувьд таниас зохион байгуулалт болон тайз талбайн дэмжлэг хүсч уулзаж байгаа юм. Бид багаараа болон Монголын уран бүтээлчидтэй хамтран танхимд хоёр удаа, задгай талбайд нэг удаа тоглох төлөвлөгөөтэй байна” гэлээ.