Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 02. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт\” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 3. Буд гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй, шар хулгана өдөр.
Өдрийн наран 7 цаг 43 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.