Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.
Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.
Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар \”Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ.
Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулаад ажиллаж байна.