Хаалга нээгч

Улстөрчийг төрөлхийн гэмээр мэдрэмж нь бас авч явдаг юм байна. У.Хүрэлсүх өндөр мэдрэмжтэй лидер гэдгээ сүүлийн таван жилд хийсэн улс төрөөрөө харууллаа.

МАН-ын 90 жилийн ойн баяраар би түүнийг онцолж, ярилцлагынхаа зочноор урьж байжээ. Зочин маань тэр үед ерэн жилийн түүхтэй энэ намын генсек байв. Түүнээс хойш арван он улирчээ. Өдгөө тэрбээр 100 жилийн түүхтэй МАН-ын дарга.

Ухнаагийн Хүрэлсүх бол улс төр дахь 1960-аад оныхон доторх хамгийн сонирхолтой хүмүүсийн нэг. Шийдэмгий, хурц тод зан чанар, даргилсан их эрч хүч, басхүү нөхөрлөлийн хамгийн халуун хана… өөрөөр түүнийг тайлбарлалтгүй…гэж би арван жилийн өмнөх тэр ярилцлагынхаа төгсгөлд тэрлэсэн байх юм.

Ингэхэд тэр өнгөрсөн хугацаанд хэр өөрчлөгдсөн билээ гэж бодохын төдийд “…Эргэлзээд байх ч юм алга аа. Үсрээд үсэнд нь л сор нэмэгдээ биз” гэж бодогдох…

Хорин хэдэн жилийн турш миний мэдэхийн л тэр шийдэмгий, зорьсон зүгтээ эрсхэн алхдаг нь хэвээрээ. Элдвээр хулдаж хучих боломжгүй эрчилсэн тод зан чанар нь, басхүү дарагдаж өгдөггүй даргилсан их эрч хүч нь янзаараа.

Өнгөрсөн он жилүүдэд МАХН-ын залуучуудын байгууллагын лидер Хүрэлсүхтэй, УИХ-ын гишүүн Хүрэлсүхтэй, сайд Хүрэлсүхтэй ярилцаж байлаа. Янз бүрийн цаг үед ярилцлагын ширээний наана цаанаас бид мэтгэлцэж явсан байна. Жагсаж тэмцэж явахад нь ч, элдэв алба сэтэргүй иргэн Хүрэлсүх үед нь ч олонтаа уулзаж, чимхэхдээ ч чимхэж, дэмжихдээ ч дэмжиж явжээ. Энэ бүх цаг хугацааны турш би нэг л юмыг дотооддоо олж харахыг хүсдэг, ажигладаг байж. Тэр юу гэвээс хүний хувирал. Хүний амьдралын зам мөр хүнийг хэрхэн яаж өөрчилж буйг ажиглах нь миний хувьд үргэлж сонирхолтой байдгаас тэр.

Зарим нь өндөр сэнтийд очив уу, үгүй юу хувирна. Маргааш нь л хоолой нь бүдүүрч, тэнэгрээд эхэлдэг. Хүмүүс дотроо өрөвдөн мушилзаж байгааг ч анзаардаггүй. Тэнэгүүдийн хувирал ийм илт байдаг. Харин дотуур ухаантай, боловсролтой, холын төлөвлөлттэй хүмүүсийнх далд явагддаг болохоор олон жилийн “тандалт” шаардагддаг. Ийм хүмүүсийнх тэмтрэгддэггүй нь тамтай.

Гэтсэн, чимээгүй ахисан, хүйтэн замналаас би хувьдаа жийрхдэг. Тэдний ариун нэр, тагтных нь доороос хашгиралдан уухайлах олон түмэнд зориулсан ухаантай лекцүүд, бэртэгчин цэвэрхэн намтрууд миний сэтгэлийг хэзээ ч хөдөлгөдөггүй. Тийм болохоор л, тэднээс тэс өөр Ухнаагийн Хүрэлсүхийг би хүндэтгэдэг.

У.Хүрэлсүх бол маш тодорхой зан чанартай хүн. Ер нь зан чанар гэдэг ойлголт ямар ойлголт юм бэ. Яагаад зан чанар чухал гэж…уншигч та асууж суугаа байх.

Утга зохиолд, урлагт, улс төрд, ерөөс хүний ёсонд энэ ойлголт том ойлголт байдаг учраас чухал.

Нарийн ухаантай, нялцгай сэхээтнүүд өнөө цагт ихэд үнэлэгдэх болсон. Учир нь тэд субботник хийдэггүй. Тэд хөрөнгөө оруулаад ашгаа авдаг ганцхан зарчим тулгадаг. Тэд ил гарч ирж тоос шороотой ноцолдож, тоосго тавьдаггүй. Тийм болохоор алдаа гаргадаггүй. Тийм болохоор хээнцэр нэртэй. Манай улс төрд ийм дүр маш олон. Бүлэглэлээрээ бий. Тэд мөнгөө гаргадаг. Дараа нь тохироогоо авдаг. Томилгоо, тендерээр төлбөрийн гүйцэтгэл хийгдэнэ. Монголын улс төрийг гучин жил самарсан, Монголын хөгжлийг гучин жилийн турш тушсан энэ үзэгдэлтэй л үнэн хэрэгтээ У.Хүрэлсүх тэмцэж байгаа юм.

Тэмцэгч учраас тэр “дотор хүн”-ээ хувиргаагүй. Үүнийг нь би үнэ цэнтэй чанарт тооцдог учраас энэ удаа ч бас дэмжиж байгаа юм.

Өөр нэг зүйл:

Тэр бол боломж хулгайлагч, боломж булаагч биш. Тэр боломж өгөгч юм. Яагаад түүнийг боломж өгөгч гэж тодорхойлж буйгаа би одоо тайлбарлая.

Түүний өнөөдрийг хүртэл хийж ирсэн улс төр аз түшсэн биш, аз сорьсон, эрсдэл дүүрэн түүхээр баян. Тэр үлбэгэр, сул дорой нэгэн биш учраас аялдан дагаж үзээгүй. Хэтийдсэн, хязгаарыг давсан нөхдүүдийг л тэр сөрж зогссон.

Наахнаас иш татахад Намбарын Энхбаярын гэх үеийг таслан зогсоож, нам доторх лагс зузаан давхаргыг хуу татаж, шинэ үед хаалга нээж өгсөн лидер бол тэр. Энэ хаалгаар орж ирсэн залуус эдүгээ төр барьж байна. Өмнө нь хэзээ ч, хэн ч залууст ийм боломж олгож байгаагүй. Залууст боломж олгох тал дээр манай аль ч улс төрийн хүчин ийм хүчтэй алхам хийж байсангүй. Шинэ давалгааг оруулж ирж, шинэ үеийнхэнд жолоо атгуулж чадсан болохоор тэр бодлого тээгчийн хувьд том түүхийн эзэн болж байгаа юм.

Тэр бол гадагшаа тулхтай царайлдаг, бодож байгаа дүр үзүүлэн дотроо ямагт айж болгоомжилж байдаг этгээдүүдээс тэс өөр. Тэр араар орж нуугддаггүй ил хүн.

Тэрбээр олон жилийн өмнө

-Та хэтэрхий ил юм шиг ээ? гэсэн миний асуултад:

-Би долигонуур, зусарч, юмны ардуур сугарч үлддэг, бусдыг турхирчихаад өөрөө бултдаг, хүний гараар могой бариулдаг зан чанартай хүмүүст дургүй. Улс төр гэдэг бол ил тод ойлголт. Удирдагч хүн гэдэг урд нь л байх ёстой. Улстөрч хүн бусдаас илүү ойлгомжтой байх ёстой гэж би боддог…гэж хариулж байлаа.

-Та нөхөрлөлд хандах хандлагаасаа залхдаггүй юу. Нөхөрлөл таны хувьд юу юм бэ? гэсэн асуултад:

-Нөхөрлөлгүй эр хүн надад өм цөм хоосон хүн харагддаг…гэж хариулж байлаа.

Тэр улс төрд хөл тавьсан цагаасаа л бусдаасаа илүү улаан хувьсгалчаараа дуудуулдаг, коммунист гэж цоллуулдаг байсан. Намын олонх нь ил байр сууриа илэрхийлэхээс эмээж байгаа сэдвүүд дээр ч тэр зоримог хариултууд өгдөг байсан юм.

-Монгол орон цаазын ялыг бүр мөсөн халсан орон хэзээ болох бол? гэсэн миний асуултад:

-Цаг хугацааны л асуудал. Ер нь бол Монгол орон цаазгүй орон болох ёстой…гэж эрсхэн хариулж байлаа.

Энэ бол цаазын ял халагдаагүй байсан үе. Олон жилийн өмнөх яриа юм. Энэ сэдэв эмзэг болохоор том улстөрчид дөлдөг байв. Энэ нөхөр ямагт тодорхой байр суурийн эзэн байж ирсэн гэдгийг тодотгох гэж би энэхүү сонин жишээг иш татаж байгаа юм.

У.Хүрэлсүхийн сүүлийн таван жилийн улс төр магтаал шүүмжлэлийн аль алиныг дагуулж буй нь үнэн. Тэр үнэхээр ч том тоглогч болохоо нотолсон он жилүүд байлаа. Жишээ нь, 2016 онд тэр УИХ-д нэр дэвшээгүйг санаж байгаа биз дээ. Энэ шийдвэр улс төр сонирхогчдын хувьд маш сонин харагдаж байсан. Одоо түүнийг зугтагч гэх мэтээр зарим нь баалдаг. Тэгвэл таван оны өмнөх нөхцөл байдлыг ахиад эргэж харья.

…2016 оны парламентын олонхыг бүрдүүлж байсан УИХ-ын 65 гишүүний нэрсийн жагсаалтыг харахад л бэлээхэн хоёр хувилбар харагдаж байсан.

Эхний хувилбар: М.Энхболд Ерөнхий сайд. Сонгуульд нэр дэвшилгүй үлдэж, С.Баяртай хамт ар дааж ажилласан У.Хүрэлсүх шадар сайд. Дараагийн жил нь М.Энхболд Ерөнхийлөгчийн зүг алхахад тэдний байр солигдох хувилбар…Энэ хувилбар үнэндээ хамгийн ил харагдаж байсан юм.

Удаах хувилбар: УИХ-ын дарга М.Энхболд болвол дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Яагаад Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд болох боломжит хувилбар байсан бэ?

Яагаад гэвэл, Ухнаагийн Хүрэлсүх дээд зиндааны улс төрд шинэ хүн биш. Түүний намтар элдэв тансаг баримтуудаар ховор ч өөрийн онцлог зан чанар, туулж ирсэн замнал, улстөрч хүнд байвал зохих үнэт чанарууд дээр суурилсан манлайллаараа тэр дээд доод үедээ хүлээн зөвшөөрөгдөж чадсан юм. Түүнийг улс төрд орж ирэхэд нь нөлөөлсөн ямар ч кран, цахилгаан шат байгаагүй. Галтай залуу насны эрч хүч, хүсэл тэмүүллээрээ орж ирээд л өдий хүртэл тасралтгүй ажилласан. Түүний улс төрийн хамгийн тод имиж нь эр зориг, эрс шийдэмгий байдал нь юм. Тэр айдасгүй.

Байсан ч биш байгаагүй ч биш, ил ч биш далд ч биш ойлгомжгүй үе түүний улс төрийн замналд байхгүй. Товчхондоо өөх ч биш, булчирхай ч биш үе түүний улс төрд байхгүй гэсэн үг.

М.Энхболдод “Одоо болноо, хөгшөөн” гэж хэлээд зогсоосон зориг түүнийх. Энэ бол маш халуун үе. Хэрэв түүнээс өөр хулчгар амьтан байсан бол хийж чадахааргүй том тулаан. Гэхдээ тэр хийсэн.

Н.Энхбаярыг хаан байх үед “Та энэ намыг удирдаад байна уу, эсвэл танай эхнэр тань удирдаад байна уу” гэж хэлэн сөрж, улс төрийн амаргүй сорилтоор шахуулж, туулж давж явсан адармаатай хэрнээ басхүү элбэг баян намтрын эзэн. Үеийнхэн дотроосоо хамгийн амьд халуун домогтой улстөрч бол яах аргагүй Ухнаагийн Хүрэлсүх. Хувьсалт нам хэмээн насан турш чичлүүлж явсан зовлонт нэрийг Ардын нам гэх анхны нэрээр нь сольсон хүн ч мөнөөх л У. Хүрэлсүх. Намын нэр сольсон гэмтнээр цоллуулж байсан ч түүний зөв байсныг одоо ярих нь илүүц.

Энэ намын 100 жилийн ойд барьсан хамгийн том сюрприз нь эвдрэлцээд одсон нөхдөө эргүүлж авчраад нэгтгэж чадсан явдал байсан. Ийм дуудлагыг хийхгүй ч байж болох байсан. Гэхдээ үүнийг У.Хүрэлсүх хийлээ.

Өөр нэг зан түүнд бий. Тэр явж чаддаг. Явж чаддаг шигээ ирж чаддаг. Ийм улстөрч олон биш.

Ерөнхий сайдын өндөр сэнтийг өгчихөөд явж оддог товариш Санжийн Баяраас өөр хэн билээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс саналаараа татгалздаг “дурак” өнгөрсөн 25 жилийн түүхэнд Цахиагийн хүү, Ухнаагийн хүү хоёр л байсан байх юм. Явна гэсэн бол явж, ирнэ гэсэн бол ирдэг төстэй тал энэ гурван хүнд байдаг юм. У.Хүрэлсүх ийм л ялгардаг өнгө юм л даа.

2016 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэлгүй залуусаа дэмжиж ажилласан нь бас л түүний нэг ялгаатай тал нь. Үр дүнд нь өнөөдрийн улс төрийг түүний араас дагасан залуу улстөрчид өнгөлж явна. МАН ингэж залуусаа урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр дэмжиж, нийгмийн хүлээлтэд нийцүүлж ажилласан юм. Уг төслийн эцэг яах аргагүй Ухнаагийн Хүрэлсүх. Энэ утгаараа тэр бол залууст хаалга нээгч юм. Хэрэв М.Энхболд 2016 онд өөрөө стандарт бус алхам хийгээгүй бол өнөөгийн улс төрийн хуваарилалт ч өөрөөр байж болох байсан гэж би хардаг.

Улстөрчийг төрөлхийн гэмээр мэдрэмж нь бас авч явдаг юм байна. У.Хүрэлсүх өндөр мэдрэмжтэй лидер гэдгээ сүүлийн таван жилд хийсэн улс төрөөрөө харууллаа.

Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байна. Энэ бол Монгол Улсын төрийн тэргүүний сонгууль. Бид Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээ хэдхэн хоногийн дараа сонгоно.

Тэрбээр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаад ард түмэндээ хандаж юу юу хэлэв. Мэдээж тэр шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж байна. Үүнийгээ “Хүн бус хууль засагладагбайх ёстой” гэж томьёоллоо.

Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоо, эрх зүйт төрийг бэхжүүлнэ. Хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн зах зээлийн эдийн засагтай нийгмийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, парламентын засаглалыг улам бэхжүүлэхэд хүчтэй анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв. Энэ бол эрхэм андгай. Үе үеийн Ерөнхийлөгч нараас хэн нь ч парламентын засаглалыг хамгаалан бэхжүүлж ажиллана гэдгээ гарааны эхэнд ил тод зарлаж байгаагүй. Тийм ч учраас засаглалын өөрчлөлт рүү алхах гэж байна гэх хардлага бараг бүх Ерөнхийлөгчийг дагасан байдаг.

Байгалийн баялагтаа монгол хүн эзэн байх ёстой. Хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, ордуудыг төрд авах ажлыг өнгөрсөн жилүүдэд хийж ирсэн. Байгалийн баялаг бурхны хишиг. Ард иргэддээ ногдол ашиг олгох тал дээр анхаарч ажиллана гэж тэр мөн онцолж хэллээ. Чухам энэ төрлийн ажлуудаасаа болж тэр булаагч, хураагч гэх мэтээр цоллуулж явааг та бид мэднэ.

Ингээд түүний тухай нийтлэлээ дуусгая.

Тэр хэнээс ч илүү ардчилсан Ерөнхийлөгч байж чадна, ард түмний эв нэгдлийг хамгаалагч, хангагч байж чадна гэдэгт би итгэж байна.

Тэр монголын ард түмний үнэт зүйл болох Парламентын засаглалын манаа байх юм байна. Тийм болохоор түүнийг би дэмжиж байна.

ГАНЧИМЭГ

Related Posts

}

Шинэ мэдээ