Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд Өнөр бүл хүүхдийн төвийн сурагчдын бүтээлийн “Баясгалантай ирээдүй” үзэсгэлэн 06 сарын 01-нд 12.00 цагаас нээгдэнэ.
Монгол Улсын хойч ирээдүй болсон авъяаслаг хүүхдүүдийнхээ бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, урлагийн гоо зүйн мэдрэмжтэй болгож, байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлгүй хог хаягдлыг ашиглан өөрт хэрэгцээтэй бүтээл урлах, улмаар тэдний дотоод ертөнц, авъяас чадварыг нээн илрүүлж, урлагаар дамжуулан нийгэмшүүлж, төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлж, хөгжүүлэх зорилгоор 2017 онд “Миний ертөнц”, 2018 онд “Хог бол баялаг”, 2019 онд “Эх дэлхийгээ хайрлая” сэдвийн хүрээнд уран зураг болон чимэглэлийн урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, сурч мэдсэн зүйлсээ иргэд, олон нийтэд тайлагнасан.
Монголын Үндэсний музей нь “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллаааг дэмжин жил бүрийн хүүхдийн баяраар хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнг дэглэн олон нийтэд нээлттэй толилуулдаг бөгөөд энэ жил уран зураг, хайчилбар, сийлбэр, баримал, арьсан хөөмөл зэрэг уран зургийн төрлийн 70 гаруй, олсон урлал, шигтгээн наамал, хүүхэлдэй урлал, зөөлөн тоглоом гэх мэт чимэглэлийн урлалын 200 гаруй бүтээлийн үзэсгэлэнг танхимаар болон цахимаар олон нийтэд толилуулж байна.
Монголын Үндэсний музей
Өнөр бүл хүүхдийн төв