Халдвар бүртгэгдээгүй 31 хоносон Баянхонгор аймагт ‘Их Богд’-ын тахилгын дараа халдвар огцом нэмэгдлээ
Гуч гаруй хоног халдвар бүртгэгдээгүй, ногоон бүс болсон Баянхонгор аймагт “Их Богд” хайрхан уулын тахилгын үйл явдлаас хойш халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж, эргээд улаан бүс боллоо.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Баянхонгор аймгийн “Их Богд” хайрханыг Төрийн тахилгат уул болгож энэ тавдугаар сарын 30-ны өдөр тахисан билээ. Тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, тус аймгаас сонгогдсон болон сонгогдож байсан УИХ-ын гишүүд оролцсон. Ёслолын ажиллагаанаас гадна бөх барилдаж, морь уралдаж, олон хүн нэг дор олон цаг цугларчээ.
Уг нь Баянхонгор аймагт дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс хойш коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байсан. Гэтэл зургадугаар сарын 2-ноос халдвар бүртгэгдэж, өнөөдөр гэхэд 14 тохиолдол бүртгэгдсэний дунд тахилгын арга хэмжээ оролцох иргэд байсан байна. Үндсэндээ “Их Богд” хайрхан уулын тахилгын арга хэмжээнээс хойш халдварын тоо 23-аар нэмэгдэж, тус аймгийн нийт батлагдсан тохиолдол108 боллоо.
Тахилгад оролцсон УИХ-ын гишүүд маргааш нь аймгийн нутгийн зөвлөлийн ордонд Эхийн алдар одонг эхчүүд гардуулах ажиллагаа зохион байгуулж, нэг дор мөн олон хүний бөөгнөрөл үүсгэсэн байна.