Ирэх оноос нийслэл хот болон томоохон суурин газруудад шатахууны чанарыг Евро-4 стандартад шилжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд импортолж буй газрын тосны бүтээгдэхүүний чанарт хяналт, шинжилгээ хийх Евро-4, Евро-5 жишигт нийцсэн MNS стандартыг боловсруулах аж.
Үүнийг боловсруулах ажлын хэсэгт Газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, нефть импортлогч аж ахуйн нэгжүүд, Стандартчилал, хэмжил зүйн газрын төлөөлөл багтсан гэнэ. Одоогоор уг ажлын хэсэг эхний төслөө боловсруулж, саналыг нэгтгэн Стандартчилал, хэмжилзүйн газарт хүргүүлээд байна.
Үүнийг нь баталбал импортын шатахуунд шинэ стандарт мөрдөж эхлэх нь. Энэ нь автомашины яндангаас ялгарах утаанд агуулагдаж буй хорт хийн хэмжээг багасгах зорилготой төдийгүй нийслэл болон томоохон суурин газруудын утааг бууруулах ач холбогдолтой юм байна.