Ерөнхий сайд асан С.Баярыг хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоох тухай 439 дүгээр хаалттай хорих ангийн санал, прокурорын дүгнэлттэй материалыг Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өчигдөр хэлэлцсэн байна.
Улмаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай хуулийн шаардлага хангасан гэж үзэн С.Баярыг нэг жил хоёр сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллажээ.
Мөн хугацаанд хяналт тогтоож Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс түүнд хоёр жил зургаан сарын хорих ял оноосон юм.
Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан хэрэгт гэм буруутайд тооцож, 3,569,148.56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5,580,444.000 төгрөгийг, 1,097,130,673 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан юм.