Долдугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал баяр наадмын өдрүүд тохиож байгаа учир Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй болохыг Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу дээрх хугацаанд ажиллахгүй болохыг тайлбарласан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ долоо хоногт Замын-Үүд боомтод ажилласан. Ингэхдээ ачаа, барааны бөөгнөрөл үүссэн тул наадмын үргэлжилсэн амралтаар уг боомтыг амралтгүй ажиллуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулна хэмээн мэдээлсэн юм.