Токиогийн олимпын нээлт өнөөдөр буюу баасан гарагийн 19:00 цагаас эхлэх бөгөөд VIP эрхтэй 950 үзэгч оролцоно. Олимпын нээлтэд Монгол Улсыг төлөөлөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арлын орныг зорьсон.
Тэрээр өчигдөр Японы Ерөнхий сайд Ё.Сугатай албаны уулзалт хийсэн юм. Харин Японы өмнөх Ерөнхий сайд Шинзо Абэ нээлтийн ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Олимпын нээлтийн тоглолтыг удирдаж байсан найруулагч Кентаро Кобаяашиг 20 жилийн өмнө хэлсэн үгнийхээ төлөө өчигдөр ажлаасаа халагдсан. Түүний өмнө нээлтийн тоглолтын хөгжмийн найруулагч Кейго Ояамадаг ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхдэг байсан хэмээн ярилцлага өгснийх нь төлөө ажлаас нь халсан юм.
Ийнхүү нээлт эхлэхээс ердөө нэг өдрийн өмнө найруулагчаа халсан нь үзэгч сонирхогчдын анхаарлыг татаад байна.
Нээлтийн үйл ажиллагаанд жүдо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаяр, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар Монгол Улсын төрийн далбааг мандуулан оролцох юм.