Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллаж, Оюутолгойн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтай энэ амралтын өдрүүдэд танилцав. Энэ нь түүний Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш ажиллаж буй найм дахь аймаг юм.
Доройтсон эдийн засгийг сэргээх хөшүүрэг болох уул уурхайн салбараа ашиглах амлалтаа биелүүлэхэд туслах зэс, алтны томоохон орд \”Оюутолгой”-н ажлыг эрчимжүүлэх чухал ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд танилцаж, санаа бодлоо илэрхийллээ.
\”Оюутолгой компанийн Монголд үзүүлэх хувь нэмрийг зөвхөн татварын орлогоор хэмжихгүй. Та бүхэн худалдан авалт, ханган нийлүүлэлтээ Монгол Улсаас авч, монгол ажилчдыг ажлын байраар хангаад зогсохгүй мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлж, илүү нарийн мэргэшүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.
Оюутолгойн гүний уурхайн төсөл нь Монголын эдийн засгийн өсөлтийг эрчимтэй нэмэгдүүлэх, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төсөл төдийгүй 1600 хүнийг ажлын байраар хангаж, орон нутгийн компаниудтай хамтран ажилласнаар бизнесийн хүрээг нь тэлэх юм. Энэ нь Оюутолгойн үйлдвэрлэлийг гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаад валют, макро эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх юм.
\”Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар \”Оюутолгойн ордын нөөцийн 80 хувийг эзэлдэг гүний уурхайн ажлыг энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 1600 ажилчид гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажиллагчдын 90 гаруй хувь нь монгол байна. Мөн энэ оны гуравдугаар улирлын байдлаар 852 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан бөгөөд тэдний 60 гаруй хувийг монгол компани эзэлж байна. Оюутолгойн гүний уурхайн олборлолт 2020 онд эхэлнэ. Уурхай ашиглалтад орсноор Оюутолгойн үйлдвэрлэл эрс нэмэгдэх боломж бүрдэнэ” гэлээ.
Оюутолгой төслийн гэрээ, үйл ажиллагаа тогтвортой байдал чухал. Гэхдээ аливаа үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, тодорхой байх ёстой. Монголын газар нутаг, ард иргэд, Монголын талд юу үлдэж байна гэдгийг ил тод тайлагнаж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхаарууллаа.
Мөн \”2017 он гэхэд үйлдвэрийн 2 дугаар босоо ам, агааржуулалтын 5 дугаар босоо амыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай компани 2016 оны эхний 9 сард 226.3 сая долларын борлуулалт хийсэн нь өмнөх улирлаас 30 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж \”Оюутолгой” ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес яриандаа дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.