БНӨСУ-д явагдаж буй \”UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний VI ээлжийн мотобуудлагын батальоны шуурхай ажиллагааны бүлэг Засгийн газрын эсрэг хүчний зэвсэгт этгээдүүд орон нутгийн энгийн иргэний биед халдан хүч хэрэглэн авч явах гэж байсныг таслан зогсоолоо.
Тодруулбал, харуулын дарга хошууч Л.Амарсанаа, ахлах ахлагч М.Тулга захирагчтай ажиллагааны шуурхай бүлэг цагийн байдал үүсээд байсан Бентью хот дахь Дотоодын дүрвэгсэдийн хуарангийн ойролцоох тариалангийн талбайд очиход энгийн иргэнийг хоёр гарыг нь хүлсэн байдалтайгаар буу тулган зэвсэгт этгээдүүд авч явж байсныг таслан зогсоосон юм. Энэ үед шуурхай бүлгийн ахлах, ахлагч Г.Отгонбат зэвсэглэсэн этгээдүүдэд хандан гэмт үйлдлээ таслан зогсоохыг шаардсан ч зэвсэглэсэн этгээдүүд энэ асуудал нь НҮБ-ын цэргүүдэд хамаагүй, бид өөрсдийн нутаг дэвсгэртээ хүссэн зүйлээ хийх эрхтэй хэмээн хариулж зэвсэг хэрэглэхийг оролдсон. Гэвч энхийг сахиулагчид шуурхай ажиллан энгийн иргэнийг суллаагүй тохиолдолд гал нээж, хүч хэрэглэх дүрмийн дагуу шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэх болно гэж анхааруулснаар зэвсэгт этгээдүүд гэмт үйлдлээ зогсоож, иргэнийг суллаж явуулсан юм.
\”Зэвсэглэсэн 3 этгээд тариалангийн талбайд ирмэгц цэрэгт элсэх залуучууд хаана байна? Хурдан дуудаж ирүүл” гэж шаардсан. Гэвч тухайн үед тариалангийн талбай дээр цэргийн насны залуучууд болон цэрэгт элсэх хүүхэд байхгүй гэдгийг тайлбарласан боловч бидэнтэй хамт явж цэрэгт элс, үгүй бол өөрийг чинь болон хамт ажиллаж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийг буудаж ална хэмээн сүрдүүлсэний улмаас би гараа хүлүүлэн тэдэнд барьцаалагдсан. Энэ үед Монгол цэргүүд гарч ирэн эр зориг гаргаж, миний амийг аварлаа гэж орон нутгийн иргэн Монгол цэргүүдэд талархан баярласнаа дахин, дахин илэрхийлж байлаа.
Эх сурвалж: \”Соёмбо” сонин, ахлах дэслэгч Э.Очбадрах