Энэ сард хур тунадас ахиу орж, олон жилийн дунджаас сэрүүн болно хэмээн цаг уурчид өмнө нь мэдээлж байв. Сарын сүүлчээр цочир хүйтэрч их хэмжээний, аадар, мөндөр орж, гамшигт үзэгдэл тохиож болзошгүйг сэрэмжлүүлсэн юм. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг, Дарьт, Ширээт гэдэг газарт том хэмжээний мөндөр орж, хүчтэй салхилснаас байгалийн аюулт үзэгдэл болжээ. Тухайн газарт нутаглаж байсан малчдын хашаа, саравч нурж, байшингийн дээвэр хуулран, автомашинуудын цонх хагарчээ. Нутгийн иргэд атгасан гар шиг, аягын чинээ мөндөр орсон хэмээн ярьж буй бол цаг уурын байгууллагынхан тунадасны хэмжээг 20-24 мм голчтой гэж тогтоожээ.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газрынхан “Ойрын үед нийт нутгаар бороо ихтэй байна. Энэ сарын 7-нд 20 орчим минут мөндөр орсны улмаас 10-аад айлын хашаа, байшингийн дээвэр хууларч, эвдэрсэн. Зургаан тээврийн хэрэгслийн цонх хагарсан. Хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна. Тухайн өдөр малд явж байгаад төөрсөн хоёр иргэнийг цаг алдалгүй олж, гэрт нь хүргэсэн. Азаар хүний амь эрсдээгүй. Ширүүн мөндөр 30-аас дээш минут үргэлжлэн орсон бол их хэмжээний хохирол учруулж болзошгүй байлаа” хэмээн мэдээлэв.
Ойрын өдрүүдэд баруун болон зүүн аймгуудын дийлэнх, говийн өмнөд нутагт дуу цахилгаантай аадар бороо орох тул ОБЕГ иргэдийг мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлүүлэв. Өчигдрийн байдлаар Ерөө, Онги, Орхон, Байдраг, Онги, Халх, Хархираа, Ховд гол үерийн аюултай түвшнийг 5-58 см давсныг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Эдгээр голын сав дагуу нутаглаж буй айлууд, аялагчдыг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулав.