Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар орон нутгийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.
“Ховд аймагт халдвар нэмэгдэх болсон шалтгаан нь наадам зохион байгуулсантай холбоотой”
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр “Вакцинд хамрагдсан эсвэл өвчлөөд эдгэрсэн буюу вирусийн эсрэг дархлаатай хүмүүс нь вакцинжаагүй хүмүүсийг халдвартай хүнээс хамгаалах амьд бамбай болдог. Тиймээс дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэйг иргэдэд байнга сануулж байгаа.
Сүүлийн үед шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байгаа бол 20-30 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Мөн орон нутагт бүртгэгдэх нийт тохиолдлын 30 гаруй хувь нь Баян-Өлгий аймагт дангаараа илэрч байна.
Түүнчлэн Ховд аймагт 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж эхэлсэн.
Баян-Өлгийд халдвар нэмэгдэх гол хүчин зүйлийг судлахад наадмын урт амралт болон зуны амралттай холбоотойгоор нийт 25,000 хүн аялал зуучлалаар очсон байсан. Энэ нь халдварыг зөөвөрлөх хэлбэрээр халдварыг тараасан эх үүсвэр нь болсон байх.
Гэхдээ тус аймгийн хувьд олон нийтийг хамарсан арга хэмжээ буюу хурим найр их болсон нь халдвар улам өргөн тархах боломжийг бүрдүүлсэн байна.
Харин Ховд аймагт сүүлийн үед халдвар нэмэгдэх болсон шалтгаан нь сүүлд тус аймагт болсон Даншиг наадам зэргээс эхлээд олон хүний хөл хөдөлгөөнтэй холбоотой зүйл нөлөөлж байгаа” гэлээ.
“Орон нутгийн хариуцлагагүй байдлаас болж 7-10 хоногийн дотор халдвар маш их нэмэгдлээ”
ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр “Сүүлийн өдрүүдэд Ховд болон Сэлэнгэ аймагт бүсийн наадам болсон.
Мөн орон нутгийн иргэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах нь сул байгаа учир тэнд халдвар нэмэгдэх хандлагатай байгаа.
Тиймээс бүсийн наадмыг зохион байгуулж байгаа аймгууд сургуулийн насны хүүхдүүдийг эрсдэлд оруулж байна.
Аймгийн наадмыг бүсийн наадам болгож зохион байгуулж байгаа тухайн аймгийн удирдлагууд үнэхээр эрсдэлтэй алхам хийж байна” гэлээ.