Зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг Замын цагдаагийн газраас авч хэрэгжүүлэхээр болжээ.
Учир нь цас орж хальтиргаа гулгаа үүсч, сүүдэртэй хэсэгт замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг авахаар болсон байна.
Орон нутагт Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан, Хэнтий аймагт халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангаж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Мөн зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж, хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.