Иргэний ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан \”Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 02-02/817 дугаартай удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах иргэн \”А”-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шалгалт хийлээ.
Шалгалтаар иргэн Г.А нь эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, мөн эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр айлын гэр түрээслэн зориулалтын бус байранд уламжлалтын ортой эмнэлгийн үйл ажиллагааг явуулж байсан.
Иргэн Г.А нь БНХАУ-аас хувиараа эм тариа авч ирж, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй нөхцөлд эмчилгээ үйлчилгээ явуулж байжээ. Тус эмнэлэгт анагаах ухааны суурь боловсрол эзэмшээгүй, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй иргэн В.А нь бариа заслын сувилагчаар ажиллаж байна.
Түүнчлэн эмнэлгийн эмч, сувилагч ажлын хувцас бүрэн өмсөөгүй, эмнэлгийн хог хаягдлыг ангилан ялгаж, төрөлжүүлэн цуглуулаагүй, хог хаягдлаа хаана устгадаг эсэх нь тодорхойгүй, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэж байгаа багаж хэрэгслийг заавар журмын дагуу цэвэрлэн халдваргүйжүүлдэггүй, ариутгасан материалгүй, эмнэлгийн гал тогоогүй, мэргэжлийн тогоочгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Иймд илэрсэн зөрчлүүдийг үндэслэн иргэн Г.А-ийн эмнэлгийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцохоор ажиллаж байна.
Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтэс