СХД-ийн 3-р хорооны иргэн Б.Энхбатын байшин өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ний өдөр шатжээ. Тэрбээр бэрхшээлийг сөрж, хөл хорионы үед байшингаа өөрийн гараар сэргээн засч, тохижуулаад байгаа нь энэ.
0.6 га хашаандаа 96 мкв байшинтай, сагсны талбай, савлуур, саравч, усан оргилуур зэргийг хийжээ. Үр хүүхдүүдээ тав тухтай орчинд байлгах зорилгоор анх бага багаар хашаагаа тохижуулж эхэлсэн. Б.Энхбатын зөвлөснөөр хэрвээ амьдарч байгаа орчинд тань худаг байгаа бол УСУГ-аас зөвшөөрөл хүсээд төв шугамтай холбогдох боломжтой гэлээ.
Б.Энхбат захиалгаар тохижилтын ажлууд хийдэг. Олсон мөнгөөрөө өөрийнхөө хашаа байшинг бага багаар тохижуулдаг, усан оргилуурын ажил дутуу байгаа гэсэн юм. Түүнчлэн өвөл барилгын материал хямд байх үед аваад бэлдчихвэл хоёр дахин хямд үнээр хашаагаа тохижуулах боломжтой юм байна. Түүний хувьд барилгын чиглэлээр огт суралцаж байгаагүй ч модоор юм хийх гарын ур дүйтэй. Б.Энхбатын гэр бүл 2020 оны “Шилдэг тохижилттой өрх”-өөр шалгарч байжээ.