Манай улсад хавдар судлалын алба үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан \”Хавдар судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинэжилгээний хурал боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү хурлаар эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хорт хавдрын урьдчилан сэргийлт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний практикт нэвтрүүлэхийг зорьж ажилладаг юм. Энэ үеэр гадаад дотоодын эмч, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд 20 гаруй эрдэм шинжилгээний ажлын үр дүн, зөвлөмжийг танилцуулж , хэлэлцүүлэхийн зэрэгцээ хавдар судлалын салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо хуваалсан юм. Мөн хот хөдөөгийн 200 гаруй эмч, судлаачид оюутнууд оролцов.
Хавдраас сэргийлэх, хянах бодлого, хөтөлбөрийг төлөвлөх, хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд шинэ арга, технологи нэвтрүүлэхэд эмч, эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн хүмүүсийн эрдэм шинжилгээний ажилд суурилсан санаа бодол, дүгнэлт зөвлөмж тун чухал гэдгийг оролцогчид онцолсон.
Манай орны хувьд хавдрын судалгаа, шинжилгээний ажил 1960 аад оноос эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж 30 гаруй эрдэмтэн эрдмийн зэрэг цол хамгаалжээ. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлсэнээр хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрт үед нь оношилж, эмчилсэнэр олон хүний амь нас, эрүүл мэндийг аварч байна.