Засгийн газар өнөөдөр 2022 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа. Тус төсөлд МСҮТ-ийн оюутнуудад сар бүхэн олгодог 200 мянган төгрөгийн тэтгэлгийг жилд нэг удаа олгож байхаар тусгажээ.
Тодруулбал, нэг жил сураад төгсөх оюутнууд 2.4 сая, хоёр жил сураад төгсөх оюутнууд 4.8 сая төгрөгийн тэтгэлгийг бөөнд нь авах юм байна. Ингэснээр МСҮТ-ийн оюутнууд сар бүхэн тэтгэлэг авахгүй гэсэн үг.
Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байсан бөгөөд 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх аж.
Мөн МСҮТ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг байсныг Боловсрол шинжлэх ухааны яаманд харьяалуулахаар болжээ.