Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд өнөөдөр Монгол ньюс мэдээллийн
төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Сум, дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын сонгууль өнгөрсөн 10 дугаар сард болж өнгөрсөн. Уг
сонгуулийн үеэр Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Д.Батмөнх болон намын бүлгийн
дарга Б.Батхуяг нар нь намаа сонгуульд ялуулахын төлөө ажлаагүй гэдгийг намын
гишүүд онцоллоо.
Сонгуулийн үеэр дүүргийн намын дарга Д.Батмөнх нь сураггүй алга болсон
байна. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах ёстой атал хэл чимээгүй алга
болж, намаас нэр дэвшигчдийн нэгдсэн зохион байгуулалтанд орж ажлаагүй аж. Энэ
талаар намын хорооны гишүүн Н.Амгалан \”УИХ, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын сонгууль, орон нутгийн сонгуульд удаа дараа ялагдаж хүлээсэн нь намын
удирдлагуудтай холбоотой. Сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчдийг дэмжиж
ажилдаггүй. Намын дарга нь ерөөсөө сонгуулийн үеэр үзэгдээгүй. Орон нутгийн
сонгуулийн үеэр гэхэд сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан Б.Батхуяг нь
МАН-ын талд ажилласан гэж үзэх үндэслэл их байгаа. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 35
суудлаас тавхан суудлыг л манай нам авлаа. Маш хангалтгүй оролцсон. Удаа
дараагийн сонгуульд намаа ялагдуулсан Д.Батмөнх, Б.Батхуяг нар хариуцлага
хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой” гэсэн юм.
Намын гишүүд дүүргийн намын хороог 14 хоногийн дотор хуралдуулж, өнгөрсөн
сонгуулийн үр дүнг хэлэлцэж, намын удирдлагуудад хариуцлага тооцох ёстой гэж
үзэж буй ажээ. Энэ асуудлаар Намын дарга Д.Батмөнхөд шаардлага хүргүүлж
байгаагаа мэдэгдлээ. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
Л.Эрхэмбаярт мэдэгдэл хүргүүлэхээр болсон байна.
Чингэлтэй дүүргийн АН шинэчлэгдэх цаг болсон гэдгийг онцоллоо. Шинэ лидер
Чингэлтэйн АН-ыг удирдах ёстой гэсэн юм.