Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгтэй гаргасан Ковид-19-ийн Коваксин вакцинд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яаралтай хэрэглэх горимд зөвшөөрөл олголоо. Энэхүү вакциныг өнгөрсөн нэгдүгээр сард гурав дахь шатлалын туршилт дуусаагүй байхад Энэтхэгт хэрэглэхийг зөвшөөрсөн нь багагүй шүүмжлэлд өртжээ.
Коваксин вакцин үйлдвэрлэгч Бхарат Биотек компанийн мэдээлснээр вакцины үр нөлөө 78 хувьтай байгаа гэнэ. Түүнчлэн ДЭМБ-аас вакцины үр нөлөөлөл нь эрсдэлээс давсан үзүүлэлттэй байна гэж дүгнэжээ.
Уг вакцинд яаран зөвшөөрөл олгосон, мэдээлэл нь бүрэн бус байна гэж зарим мэргэжилтнүүд шүүмжилсэн ч Бхарат Биотек компанийн захирал, Доктор Кришна Элла манай вакцин 200 хувь баталгаатай гэв.
Бхарат Биотек компани энэ оны долоодугаар сард ДЭМБ-д вакцины зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөл өнгөрсөн сард хянан хэлэлцсэн байна.
ДЭМБ-ын дүгнэлт:
Вакциныг хоёр тунтайгаар дөрвөн долоо хоногийн зайтай 18 болон түүнээс дээш насныханд хэрэглэхийг зөвлөнө
Коваксин вакцины хоёр дахь тунг хийснээс 14 хоног ба түүнээс дээш хугацаанд Ковид-19 болон Ковидын хүндрэлээс 78 хувьтай хамгаална.
Хадгалахад хялбар учраас бага дунд орлоготой улс орнуудад тохиромжтой
Жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулсан тухай мэдээлэл нь жирэмсний үед уг вакциныг хэрэглэхэд аюулгүй бөгөөд үр дүнтэй хэмээн үнэлэхэд хангалтгүй байна.
Эх сурвалж: ВВС