Хятадын Хэйлунцзян муж сүүлийн үед коронавирусний голомт болоод байгаа. Тус мужийн Хэйхэ хотын хэд хэдэн дүүрэг, Сюньке хошууны захиргаанаас иргэдээ ковидын аюул ихтэй улс орнуудаас илгээмж, захидал авахгүй байхыг уриаллаа.
Энэ анхааруулга нь Монголтой холбоотой болж таарч байна.
Учир нь, Сюньке хошууны Коронавирустэй тэмцэх онцгой хорооноос “Энэ сарын 4-нд Өвөр Монголын Эрээн хотын халдварт өвчнөөс сэргийлэх төв Монголоос ирсэн бараанаас коронавирус илэрсэн талаар мэдээллээ. Арваннэгдүгээр сарын 1-нээс Монголоос илгээмж хүлээн авсан таван иргэн тус төвд хандахад бүгд халдвар авсан нь тогтоогдлоо. Тодруулбал, таван иргэн Монголоос ирсэн илгээмжнээс халдвар авсан байна. Тиймээс Сюньке хошууны иргэдийг гадаадаас илгээмж авахгүй байхыг уриалж байна. Шуудан, логистикийн компаниудыг гадаадаас ирсэн илгээмж, захидлыг тусгай байранд хадгалан, холбогдох газарт мэдэгдэхийг анхааруулъя” гэж мэдэгдлээ.
Мөн есдүгээр сарын 20-ноос хойш захиалсан илгээмж ирсэн тохиолдолд задлахгүй байхыг иргэдэд сануулсан байна.
Хэйхэд аравдугаар сарын 27-нд COVID-19 голомтлон гарч, одоогийн байдлаар 232 хүн өвдөөд байгаа.
Вирус хаанаас гарсныг Засгийн газраас тогтоогоогүй байгаа ч ОХУ-аас шуудангаар орж ирсэн байх магадлалтай гэж үзэн, ОХУ-аас ирсэн илгээмж, ачаанд тусгай тэмдэг, анхааруулга тавьдаг болсон.
ЭРЭЭНИЙ КОНСУЛ: Нэг тохиолдол нэмэгдсэн, хөл хорио хатуу хэвээр байна
БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 15-нд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүд, Эрээний боомтыг түр хаагаад байгаа билээ. Хөл хориог хэзээ цуцлах талаар тодорхой мэдээлэлгүй байна. Хөл хориог халдваргүй болсон өдрөөс хойш 14 хоногийн дараа цуцална гэж Эрээн хотын онцгой комисс мэдэгдэж байгаа. Гэвч өчигдөр /2021.11.08/ Эрээн хотод 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь тархалт хумигдах болоогүй байгааг харуулж байна.