Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.
Тэрбээр “14 хоногийн өмнө эмнэлэгт нийтдээ 17,392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 10,727 болтлоо буурсан. Энэ нь шинээр илрэх тохиолдлын тоо буурсантай холбоотой.
Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэгчдийн тоо хоёр долоо хоногийн хугацаанд 38.3 хувиар буурсан байна.
Үүнийг дагаад,
- маш хүнд хүний тоо 37 хувиар,
- хүнд хүний тоо 40 хувиар,
- хүндэвтэр хүний тоо 30 хувиар,
- хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буурчээ.
Халдварын оргил үед коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22,400 орчим хүн хэвтэн эмчлүүлж байсан. Энэ бол өнөөдөр 50 хувиар буурсан нь сайн үзүүлэлт болж байна.
Түүнчлэн, Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тархалтын түвшин буурч байгаа үзүүлэлт бий” гэлээ.
“Есдүгээр сарын 27-ноос хойш гэртээ эндсэн тохиолдол бүртгэгдээгүй”
Үргэлжлүүлэн “Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 27-ноос ор зохицуулалтын баг ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш халдварын улмаас гэртээ нас барсан тохиолдол гараагүй.
Мөн өдөрт 700 орчим хүн эмнэлэгт шаардлагатай гэсэн ангилалд байсан бол сүүлийн долоо хоногт 120-130 болж буурлаа.
Энэ бол вакцинжуулалтын үр нөлөө гэж харж байна.
Түүнээс гадна, коронавируст халдварын нас баралт ч цаашид буурах хандлага ажиглагдаж байна.
Нас баралтын тухайд өнөөдөр шинээр илэрч буй тохиолдлын тооноос шууд хамааралгүй бөгөөд 2-4 долоо хоногийн хоцрогдолтой явдаг.
“Энэ сарын 15-наас томоохон эмнэлгүүд COVID-19-ийн өвчтөн хүлээж авахгүй”
Коронавирусийн оргил үед бүх томоохон эмнэлгүүд өвчтөн авч хэвтүүлж байсан. Харин одоо тохиолдлын тоо буурч байгаа учраас энэ сарын 15-наас хойш томоохон эмнэлгүүдийн коронавирусийн тусламж үйлчилгээг буулгаж, үндсэн тусламж үйлчилгээ рүү илүү ажиллуулах төлөвлөлтийг хийсэн” хэмээн мэдээлэв.