“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа арваннэгдүгээр сарын 18-нд суллагджээ.
Түүний албан өрөөнд аравдугаар сарын 18-ны орой нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” болох нь тогтоогдож байна гэж үзэж түүнд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Прокурорын газраас Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд шилжүүлсэн.