Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг Баасан гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага “variant of concern” ангилалд оруулж, грек цагаан толгойн Омикрон үсгээр нэрлэсэн билээ.
Бусад хувилбартай харьцуулбал илүү олон мутацтай, дахин халдварлах чадвар өндөр байж болзошгүй Омикрон хувилбараар халдварласан тохиолдол Өмнөд Африкаас гадна Израиль, Бельги, Хонконгт илрээд байсан юм.
Тэгвэл Бямба гарагт Европын гурван оронд уг хувилбарын шинэ тохиолдлууд нэмж бүртгэгджээ.
Тухайлбал Их Британи, Итали, Герман улсуудад Африкийн орнуудаас ирсэн зорчигчид Омикрон хувилбараар халдвар авсан нь нотлогдсон байна.
Их Британид хоёр тохиолдол бүртгэгдсэний дараа тус улсын засгийн газар хорио цээрийн дэглэмээ чангатгаж, Африкийн дөрвөн улсыг агаарын тээврийн хоригтоо нэмжээ. Баасан гарагт Ботсван, Эсватини, Лесото, Намиби, Өмнөд Африк, Зимбабве улсуудад агаарын тээврийн хориг тавиад байсан бол Бямба гарагт Ангол, Малави, Мозамбик, Замби улсуудыг нэмсэн байна.
Өчигдрөөс эхлэн Их Британид ирж буй бүх зорчигчдоос PCR шинжилгээ авч, хариу баталгаажих хүртэл нь тусгаарлахаар болжээ. Хэрвээ Омикрон хувилбарын халдвар илэрвэл ойрын хавьтлын хүмүүсийг нь 10 хоног тусгаарлахаар болсон байна. Ингэхдээ вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс үл хамааран тусгаарлах ажээ.
Мөн олон нийтийн газарт амны хаалт зүүх журмыг албажуулж, вакцины сэргээх тунд иргэдийг хамруулах ажлыг шуурхайлах арга хэмжээ авахаар болсноо ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна.
Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Мозамбикаас Ром хотод ирсэн иргэнээс Омикрон хувилбарын вирус илэрснийг Италийн засгийн газар өчигдөр мэдэгджээ.
Уг иргэний гэр бүлийн таван хүний шинжилгээний хариу эерэг гарч, Неаполь хотын ойролцоо бүгд тусгаарлагдаад байгааг Италийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Одоогоор тэдний биеийн байдал сайн, халдварын шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа гэнэ.
Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас ирсэн хоёр зорчигчоос Омикрон хувилбарын вирус илэрсэн тухай Германы Макс фон Петтенкоферын микробиологийн хүрээлэнгээс өчигдөр мэдээлжээ.
Баасан гарагт Өмнөд Африкаас хоёр тусдаа нислэгээр ирсэн зорчигчдоос коронавирусийн халдварын нийт 61 тохиолдол илэрснийг Нидерландын засгийн газар өчигдөр мэдээлсэн байна.
Тэдгээрийн геномын шинжилгээний үр дүн Ням гарагт гарах бөгөөд Омикрон хувилбарын тохиолдол илрэх өндөр магадлалтай гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Одоогоор Европд болон дэлхийн бусад улсуудад илэрсэн Омикрон хувилбарын тохиолдлуудаас хүндэрсэн өвчтөн байхгүй байна.
“Онолын хувьд вакцинаар дархлаажсан хүмүүсийг вирусийн шинэ хувилбар хүндээр өвчлүүлэхгүй гэж бид найдаж байна. Гэхдээ үүнийг баталгаажуулахын тулд бидэнд хугацаа хэрэгтэй“ гэж Оксфордын Вакцины Группийн захирал, профессор Эндрью Поллард ярьжээ.
Зарим судлаачид вакцинжуулалтын явц дэлхий даяар жигд бус байгаагаас вирусийн шинэ хувилбар бий болох нөхцөл үүсэж байна гэж үзэж байна. Тухайлбал Африк тивийн хүн амын ердөө 6 хүрэхгүй хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа юм.
“Дэлхийн зарим хэсэгт вакцинжуулалтын хувь хэмжээ бага байгаа нь шинэ хувилбар бий болох гол нөхцөл болж байна. Дэлхий даяараа вакцинжуулалтад хамрагдах хүртэл тахлын аюул арилахгүй гэж ДЭМБ анхааруулсан нь ийм учиртай” гэж Империал Коллеж Лондоны профессор Питер Опеншоу ярьжээ.
Эх сурвалж: Associated Press